“ICT expo-2017” үзэсгэлэн хоёр дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 11 дэх удаагийн “ICT expo-2017” үзэсгэлэн хоёр дахь өдрөө их жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Үзэсгэлэнд Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл зэрэг үүрэн холбооны оператор компани, “Ноён зууч 1950”, “Айтүүлс” зэрэг 60 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Тухайлбал, Мобиком корпораци гэхэд тус арга хэмжээнд зориулж гэр бүлээрээ зугаалах "Candy" гудамжийг нээжээ. Тус гудамжинд иргэд гэр бүлээрээ тухлан сууж, таалан зооглох хүнс, дурсгалын эд зүйлс, гэр ахуйн бараа, "Монос"-ын эм, жимсний цай, "Маамуу" брэндийн хүүхдийн бүтээгдэхүүнийг "Candy"-гээрээ худалдан авч байна. Мөн 1000 төгрөгөөс дээш худалдан авалт тутамдаа candy оноо цуглуулах боломжтой. Түүнчлэн "Candy Ёндоо" тоглоомд оролцож, LG K4 ухаалаг утас болон бусад хонжворын эзэн болох юм. Уг тоглоомыг тоглохын тулд "Candy"-гийн апликейшныг утсандаа суулгасан байх ёстой. Азтаныг өнөөдөр 17 цагт төв талбайд тодруулж, ялагчийг тодруулах гэнэ.
“ICT expo-2017” үзэсгэлэн энэ сарын 17-нд өндөрлөх юм.
Б.Туул