АНУ Төрийн департамент 2017 онд гадаадад 79,5 тэрбум долларын зэвсэг нийлүүлэхийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-15 09:12:51
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын Төрийн департамент 2017 оны санхүүгийн жилд гадаадын орнуудад урьд хожид байгаагүй их хэмжээний буюу 79,5 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл өгчээ. Энэ тухай пүрэв гарагт Америкийн цэргийн долоо хоног тутмын “Defense News” сонин Пентагоны Цэргийн хамтын ажиллагааны удирдах газрын /ЦХАУГ/ мэдээллийг иш татан мэдээлжээ.

Дээрх үнийн дүн бүхий хэлцэл нь эцсийн шийдвэрийг гаргадаг АНУ-ын Конгрессоор батлагдсан бус харин зөвхөн Төрийн департаментаас дэмжлэг авсан хэлцэл болохыг тус сонин онцлон тэмдэглэжээ. Мөн практикаас харахад эцсийн бүлэгтээ гэрээ хэлцэл болгон хэрэгждэггүй ба зарим талууд зэвсэглэлийн тоо хэмжээ болон үнийн дүнгийн талаар гэрээндээ өөрчлөлт оруулдаг байна.

“Дээрх мэдээллүүд нь бидний санал болгож буй бүтээгдэхүүний чанар, үйлчилгээг манай түншүүд сонирхож байгааг гэрчилж байгаа юм. Сүүлийн гурван жилийн зэвсгийн нийлүүлэлтийн хэмжээг харьцуулж үзэх юм бол нийлүүлэлтийн хэмжээ өсөн нэмэгдэх хандлагатай байгааг харж болно” хэмээн Пентагоны ЦХАУГ-ын төлөөлөгч усан цэргийн хошууч Патрик Эванс ярьжээ.

ЦХАУГ 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны хугацаанд Төрийн департаментаас зөвшөөрөл авахаар 73 гэрээ ирүүлснээс 17 нь 1 тэрбум доллароос дээш үнийн дүнтэй гэрээ байсан байна. Тухайлбал, Катар улс 21,1 тэрбум доллароор F-15 сөнөөгч нисэх онгоц захиалсан бол Кувейт 10,1 тэрбум доллароор F/A-18 сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц, Канад 5,2 тэрбум доллароор мөн F/A-18 сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц, Румын 3,9 тэрбум доллароор “Пэтриот ПАК-3” зенит пуужингийн комплекс, Саудын Арави 3,51 тэрбум доллароор СН-47 “Чинук” нисдэг тэрэг захиалсан байна. Ойрхи Дорнодын орнууд дангаараа нийт 52 тэрбум долларын үнийн дүн бүхий 27 гэрээг байгуулжээ.

Энэ оны 1 дүгээр сарын 20-нд Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангарагаа өргөснөөс хойш ЦХАУГ нийтдээ 28,7 тэрбум долларын гэрээ хэлцэл байгуулахаар тохиролцсон байна гэж "Defence News" сонин онцлон дурджээ.
О.Барс  

 

Холбоотой мэдээ