Зарим сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил дуусаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-12 23:12:20
Увс /МОНЦАМЭ/. Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдсан сургууль, цэцэрлэгүүд санхүүгийн хүндрэл, тендерийн удаашралтай байдлаас болж шинэ хичээлийн жилийн эхэнд ашиглалтад орж чадаагүй юм. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил 92,6 хувьтай хангагджээ.

Тодруулбал, аймгийн МХГ-аас хийсэн хяналт шалгалтын явцад 52 зөрчил илэрсний 47-г нь арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Улаангом сумын “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн өргөтгөлийн барилгын санхүүжилт удааширснаас есдүгээр сарын 15-нд орохоор болжээ. Харин Цогцолбор 2-р сургуулийн хичээлийн байрны болон Хоёрдугаар цэцэрлэгийн засварын ажлын тендер оройтож зарлагдсантай холбоотойгоор хугацаандаа амжаагүй байна. Одоогоор хоёрдугаар цэцэрлэг сургалтын үйл ажиллагаагаа Цогцолбор 2-р сургуулийн хичээлийг 1-р байр болон олимпиад бэлтгэлийн байр, дотуур байрны тасгуудад явуулж байгаа аж. Тус сургууль, цэцэрлэгийн засварын ажил өнөө маргаашгүй дуусах дөхсөн байна. Түүнчлэн аймгийн БСГ-аас 1-5-р ангийн хүүхдүүдийн сурах бичгүүдийг 100 хувь татаж сургуулиудад нийлүүлсэн бол ахлах, дунд ангийн сурах бичгүүд есдүгээр сард хэвлэгдэж дуусах мэдээллийг БСШУСЯ-наас ирүүлжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ