Завханд өвөлжилтийн бэлтгэл ажил 75,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 18:12:12

Багц мэдээ

Завхан аймгийн тухайд хаваржилт, зуншлага нэлээд оройтсон. Газар нутгийн зарим хэсгээр гандуу, газрын гарц муу байсан хэдий ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс базааж байна. 

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл аймгийн хэмжээнд 75,9 хувьтай байна. Энэ өвөл цаг агаар хүндрэх магадлалтай байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа учраас цаг хүндэрсэн үед хэрэглэх өвс тэжээлийг бэлтээд байна.  Тухайлбал Тэс суманд 72 тн, Сонгино суманд 14тн, Цэцэн-Уул суманд 32 тн, Тосонцэнгэлд 300 тн, Шилүүстэй суманд 156,6 тн өвс бэлтгэжээ. Харин Тосонцэнгэлд 50 тн, Шилүүстэйд 50 тн, Завханмандалд 38,3 тн, Улиастайд 50 тн, Түдэвтэйд 38,3 тн хивэг мөн бэлтгэсэн байна.  Сумдын хувьд ч байгалийн хадлан бэлтгэх тал дээр онцгой анхааран ажилласнаар байгалийн хадлан 12,5 мянган тн, малын тэжээл 1072,5 тн, гар тэжээл 72,5 тн-ыг тус тус бэлтгэж ерөнхий гүйцэтгэл нь 75,8 хувьтай байна. 
Харин сумдын аюулгүйн нөөц бэлтгэх тал дээр зун ихэнх нутгаар гантай байсан учраас харьцангуй бага хувьтай байгаа юм. Дашрамд дуулгахад  Тэлмэн, Тэс, Сонгино, Алдархаан зэрэг сумдын малчин иргэд өвс тэжээлээ хамгийн сайн бэлтгэн хадгалсан байна.

Завханы 65 өрхийн 48,9 мянган мал гадна аймаг сумдад өвөлжинө

Завхан аймгийн хэмжээнд 24 сумын 115 багийн 7,9 мянган малчин өрхийн 3,4 сая толгой мал өвөлжинө.

Өнгөрсөн жилийн мал тооллогоор манай аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсч 3,4 сая толгой малтай болсон. Үүнээс Хөвсгөл, Баянхонгор, Архангай аймгуудын нутаг болон манай аймгийн Завханмандалын отрын бүс нутагт өвөлжих мал болон малчин өрхийн тоог урьдчилсан байдлаар гаргасан байна. Тухайлбал Отгон сумаас л гэхэд Баянхонгор аймгийн хоёр суманд 9 өрхийн 15 хүн, нийт 12,6 мянган толгой малтай өвөлжих бол Архангай аймгийн таван сум, Хөвсгөл аймгийн дөрвөн сум гээд аймгийн хэмжээнд нийт 65 өрхийн 192 хүн, 48,9 мянган толгой мал гадна аймгуудад өвөлжихөөр урьдчилсан судалгаа байна.  Мөн Завханмандалын отрын бүс нутагт одоогийн байдлаар 9 сумын 193 өрхийн 155 хүн, 157,2 мянган толгой мал өвөлжихөөр саналаа ирүүлээд байгаа ч бүгдийг нь өвөлжүүлэх боломж муу байгаа. Учир нь тухайн сумын 90,0 мянган мал өвөлждөг дээр нь ийм олон малыг өвөлжүүлэхэд бэлчээрийн даац хүндрэхээр байгаа. Гэхдээ жилийн жилд л отрын бүс нутаг даацаасаа хэтэрдэг хэмээн албаныхан мэдээллээ.

Тусгай хамгаалалттай газарт 13,6 мянган толгой мал өвөлжинө

Завхан аймгийн хилийн зурвас, дархан цаазтай газар өвөлжих малын тооггаргаад байна.

 Тухайлбал хилийн зурваст Тэс, Баянтэсийн 48 өрхийн 34,6 мянган толгой мал өвөлжихөөр байна. Харин улсын тусгай хамгаалалттай газарт Алдархаан, Тосонцэнгэл, Тэлмэн сумдын 59 өрхийн 13,6 мянган толгой мал өвөлжихөөр байна.  Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлыг чанартай сайн хийх тал дээр онцгой анхаарч аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн 23 заалт бүхий нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Завханы төв 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна

Завхан аймгийн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж  байна.

Завхан аймгийн тухайд нүүрсээ өөр аймгаас тээвэрлэдэг учраас цаг хүндэрсэн тохиолдолд зам даваа хаагдах гээд хүндрэлтэй асуудал жилийн жилд тулгардаг. Тиймээс нүүрс татан авалтад дээр нэлээд анхаарч байна. Завханы сумдууд  өнөөдрийн байдлаар нэг сарын нөөцтэй байгаа бол аймгийн төвдөө 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Дулаан, шугам сүлжээний засвар үйлчилгээ энэ жил намар эрт хангалттай сайн хийгдсэн байна.  Уурын зуухнууд өвөлжилтын бэлтгэлээ хангалттай базаасан, нүүрс татан авалт хийгдэж байнга хийгдэж байгаа юм байна.

Завханд хүйтний улиралтай зэрэгцэн замын ажлууд ид хийгдэж байна

Автозамын тухайд Завхан  аймаг нэлээд асуудалтай. Өндөр өндөр даваанууд олонтой учраас цас их унасан тохиолдолд хаагдах хүндрэл үүсдэг.

Өнөөдрийн байдлаар Загастайн давааг хааж замыг засварлаж байна. Уг давааг хоёр сарын хугацаанд хаах сайдын тушаал гарсан байгаа. Нийт 6 км замыг өрөмдөж тэслэхээс одоогоор эхний тэсэлгээнүүдийг хийгээд өрөмдлөгүүд явагдаж байна. 
Мөн Хурдны зам компаний гүйцэтгэж байгаа Цахир Тосонцэнгэл чиглэлийн 127 км замын гүйцэтгэл 85 хувьтай байна.  Түүнчлэн концессын гэрээгээр Увс аймгийн Хяргас нуураас Сонгино сум хүртэлх 135,5 км замын ажил 80 гаруй хувьтай байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ