Дорнод аймгийн ургац хураалтын урьдчилсан баланс гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:10:44

Дорнод аймаг энэ намар 37,3 мянган тонн ургац хураан авах урьдчилсан баланс гарчээ. Энэ онд манай тариаланчид 30230 га-д үр тариа, үүнээс 22360 га-д улаан буудай, 14170 га -д тосны ургамал, 5540 га-д гурвалжин будаа, 4885 га-д эмийн ургамал, 233.1 га-д төмс, 131.6 га-д хүнсний ногоо, 218.5 га-д малын тэжээл тус тус тариалалт хийж төлөвлөгөөгөө дөч гаруй хувьтай давуулан биелүүлсэн байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэдэн хувьтай ургац хураан авах нь хугацаанаас хамааралтай аж. Ямар ч байсан 21,1 мянган тонн улаан буудай хураан авах урьдчилсан тооцоо байгаа гэнэ. Уг буудайгаас 16,0 мян/тн товарын улаан буудайг дотоодын гурилын үйлдвэрт тушаах боломжтой бөгөөд энэ нь хэрэгцээгээ 100 хувь хангах боломж гэсэн үг юм. Харин хүнсний өргөн хэрэглээ болох төмсөө 44,6 хувь, хүнсний ногооныхоо 23,1 хувийг хураах тооцоо одоогоор гаргаад байна. Дээрх тоо урьдчилсан дүн учир ургац хураалтын эцсийн байдлаар үр дүн нь тодорхой гарах юм. Төмс хүнсний ногооны хувьд ургац олон жилийн дундаж байгаа ч Дорнодын төмсний үйлдвэрлэлийн 40 хувийг дангаараа хангадаг “Дорнод гурил”-ХХК-ын ургац тааруу байгаатай холбогдуулан зах зээл дээр борлуулагдаж буй төмсний үнэ 1500 хүрээд байгаа билээ. Энэ хавар манайхан аймгийн нийт тариалалтын талбайн 44,8 хувьд улаан буудай, 28,4 хувьд тосны ургамал, 24,9 хувьд бусад үр тариа тариалжээ. Өнгөрөгч сарын сүүлээр хур тунадас ихээр орсон нь тарианы болц муудах сөрөг үр дагаварууд гарч болзошгүй байна хэмээн түгшиж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд