Норвегийн эрх баригч нам парламентын сонгуульд ялах нь үндсэндээ тодорхой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-12 09:38:03
ОСЛО. /Би-Би-Си/. Норвегийн парламентын сонгуульд эрх баригч эвсэл ялснаар консерватив үзэлтэй Эрна Сольберг тус улсын ерөнхий сайдаар улиран томилогдох нь үндсэндээ тодорхой боллоо гэж Их Британийн “Би-Би-Си” агентлаг мэдээллээ.

Хөгжил дэвшлийн намтай хамтран байгуулсан хатагтай Э.Сольбергийн эрх баригч эвсэл нь сонгуулийн нийт саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар парламентын 169 суудлын 89-ийг нь аваад байгаа ажээ. Сөрөг хүчний Хөдөлмөрийн нам парламент дахь хамгийн том "дан" намын байр сууриа хадгалан үлдэж чадах төлөвтэй байна.

Өдгөө 56 настай Э.Сольберг даваа гарагийн орой Осло хотноо  дэмжигчиддээ хандан мэдэгдэл хийхдээ “Сонгогчид надад дахин дөрвөн жилийн мандат олголоо. Бид ялах нь тодорхой боллоо. Бид амласнаа ажил хэрэг болгосон. Бид ажлын байр бий болгосон” гэжээ.

Цагаачдыг эсэргүүцэгч Хөгжил дэвшлийн намтай хамтран байгуулсан түүний эвсэл эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжихийн тулд татвар хасна гэж сонгуулийн кампанит ажлын үеэр амлажээ.

Харин сөрөг хүчний Хөдөлмөрийн намынхан нийтийн үйлчилгээг сайжруулахын тулд баячуудад ногдуулах татварыг нэмэгдүүлнэ гэж амласан аж. Энэ намыг тус улсын Гадаад хэргийн сайд асан Йонас Гар Стёре удирддаг байна. 1920-оод оны үеэс хойш Норвегийн хамгийн том улс төрийн хүчин хэвээр буй тус нам нь 80 суудал авах төлөвтэй байна.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ