Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал нэгтэйгээр дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-09-12 05:49:11
НЬЮ-ЙОРК. /ЁНХАП/. Саяхан зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ын тогтоолын төслийг батлахыг БНХАУ болон ОХУ санал нэгтэйгээр дэмжсэнийг Өмнөд Солонгосын мэдээллийн “ЁНХАП” агентлаг уламжиллаа. Тус хоёр улс нэмж хориг арга хэмжээ авах тухайд нэлээд нухацтай хандахгүй бол болохгүй гэж урьд нь мэдэгдэж байсан юм.

Хориг арга хэмжээний төсөлд багтаасан “Умард Солонгост нефть нийлүүлэхийг бүрэн хориглох, тус улсын удирдагч Ким Жөн Уны хөрөнгийг царцаах” зэрэг зарим хатуу заалтаа АНУ хасаж, тогтоолын төслийг шинэчлэн боловсруулснаар энэ төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орны төлөөлөгчид 100 хувийн саналаар баталсан байна.

Шинэчилсэн тогтоолоор Умард Солонгост нефть нийлүүлэхийг бүрэн хориглоогүй ч тус улсад “жилд 2 сая баррелиас давсан хэмжээний боловсруулсан нефтийг нийлүүлж болохгүй” гэжээ. Энэ нь одоо тус улсад нийлүүлж буй боловсруулсан нефтийн тал хувь гэсэн үг юм.

Мөн шинэ тогтоолоор Умард Солонгосын нэхмэл, оёмол бүтээгдэхүүний экспортод бүрэн хориг тавьснаас гадна хилийн чанадад ажиллаж буй умард солонгосчуудыг эх орон руугаа мөнгө шилжүүлэхийг хориглосон байна.

Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг гурав дахь удаагаа хориг арга хэмжээ авч байгаа нь энэ юм.

Пхеньян устөрөгчийн бөмбөг туршиж, АНУ-д цохилт өгнө гэж удаа дараалан заналхийлсэнтэй холбоотойгоор сүүлийн тогтоолыг баталлаа.
Г.Доржханд
 

 
Холбоотой мэдээ