Завханы эмэгтэйчүүд өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-11 20:49:11
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилт тавьсан билээ. Энэ зорилтын хүрээнд 24 суманд оёдлын сургалтыг аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, ЗДТГ хамтран явуулснаар өдгөө Завхан аймгийн 24 сумын 1600 гаруй эмэгтэйчүүд монголын уламжлалт зүү ороох оёдлыг сурчээ. Эдгээр эмэгтэйчүүд энэ сарын 10-наас эхлэн сум бүртээ нэг сургагч багшаар дамжуулан таваас 10 эмэгтэйд зүү ороох, эсгий урлалыг заахаар болжээ.

Хоёр дахь шатны сургалтаар давхардсан тоогоор 8000 эмэгтэй зүү ороох гоёлын оёдол хийж сурна хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Эдгээр оёдолчдын төлөөллийг оролцуулж, бүтээлийнх нь үзэсгэлэн худалдааг улирал бүр зохион байгуулж борлуулахын тулд биш, бүтээе гэсэн сэтгэлээр маш сайн, чанарын өндөр түвшинд урлаж олон хэрэглэгчтэй болох зорилттой ажээ.

Энэхүү сургалтаар дан ганц зүү ороох биш европ хувцасны эсгүүр оёдлын дамжааг мөн бодлогоор дэмжиж зарим иргэдэд сургалт өгөх ажээ. Сургалтыг дахин хийснээр олон эмэгтэй өөрийн гэсэн чадвартай болж цаашид өрх гэртээ үйлдвэрлэл явуулж өрхийн амьжиргаандаа нэмэр болох ажээ. Дашрамд анхны сургалтын үр шимийг хүртсэн эмэгтэйчүүд өөрсдийн өрхийн орлогыг өнгөрсөн жилийн хугацаанд даруй хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ