Архангай аймгийн төрөх тасаг 25 жилийн дараа их засварт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-11 17:12:59
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд түүний дотор эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, үйлчилгээний ээлтэй байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 360.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн барилгын их засварын ажлыг хийж  дуусган хүлээлгэж өглөө. Төрөх тасагт сүүлийн 25 жил ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй байсан юм.
 
Их засвараар барилгын гадна пасад болон бүх хаалга, цонхнууд, шалны плита, хулдаасыг шинээр сольсон байна. Мөн атмор тавьж төрсөн нялх биетэй ээжүүдийг халуун усаар гараа угаах боломжийг бүрдүүлж өгчээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг. Аймгийн хэмжээнд оны эхний 8 сарын байдлаар 1281 эх төрсний 76.2 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн байдаг.
 
“Манай аймгийн хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл  эрс буурч байгаа хэдий ч энэ үр дүнг тогтвортой байлгах нь нэн чухал. Мөн хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар үр өгөөжийг сайжруулах үндэс суурийг бэхжүүлэх, эмнэлгийг  тоног төхөөрөмжөөр хангах,  эмч ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд төр захиргааны байгууллагаас дэмжлэг үзүүлж байна” хэмээн аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа онцолж байлаа. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ