Зарим сумдад бэлчээрийн зохицуулалтыг шуурхай хийх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-10 19:01:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн  нутгаар тооцоолол гаргажээ.

Сэлэнгэ аймгийн хувьд зуншлагын байдал энэ оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд гандуу, 15 хувьд гантай байгаа тул нутгийн 60 хувьд нь мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Харин нутгийн 40 орчим хувьд нь бэлчээрийн боломж муу байгаа тул өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах шаардлагатай хэмээн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас тооцоолон гаргажээ.

Энэхүү тооцооллоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын  Бүргэдэй, Баянгол сумын Гонир багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, Орхонтуул сумын Хонгор-Овоо, Баянгол сумын Хараа, Мандал сумын Баянсуудал, Хэрх, Төмөрзам, Ширхэнцэг, Алтанбулаг сумын Суварга багууд, Орхон сумын нийт нутгаар бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрч гарсан тул дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байна. Иймд дээрх сумдад бэлчээрийн зохицуулалт хийх ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээрээ тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулах шаардлагатай байгаа ажээ.
 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ