Бичил уурхай эрхлэгчдэд боломж нээгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-10 18:57:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Бичил уурхай эрхлэгчдийг нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад оруулж хуулийн этгээд болгох ёстой хэмээн сургагч багш Р.Түмэндэмбэрэл онцолж байна. Тэд ингэж зохион байгуулалтад орсноор банк санхүүгийн байгууллагатай харьцах, өөр төрлийн бизнес эрхлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болох ажээ. 

Монгол Улсын Засгийн газар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталснаар бичил уурхайчдад таатай орчин бүрдэж байгаа аж. Энэхүү журамтай холбогдуулан “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ноос Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон хэлтэс, агентлагийн төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Бичил уурхай эрхлэхийг хүсэгчид харьяаллын Засаг даргаасаа бичил уурхайн ажилтны үнэмлэхээ авснаар талбай дээр ашигт малтмал олборлох эрх нь үүсэх ажээ.

Нөхөрлөл, хоршоод 3500 см3 хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой гэнэ. Энэ нь олборлолтын хэмжээг өсгөж, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх юм байна. Түүнчлэн бичил уурхай эрхлэгчид олдворлосон алтаа Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид зах зээлийн үнээр тухайн орон нутагтаа борлуулах нөхцөл ч бүрдэх аж. Эдгээр хүмүүс тодорхой хэмжээний орлого олж байгаа Монгол Улсын иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ биелүүлснээр нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээний бусад хүртээмжийг ч эдлэх эрх үүсч байгаа гэнэ. Энэ бүхэн цогцоороо хэрэгжснээр орон нутагт ажлын байр, өрхийн орлого, бэлэн мөнгөний эргэлт нэмэгдэж ядуурал буурна гэж сургагч багш мэдээлэлдээ дурьдлаа. Мэдээж тэд хуваарьт газраа ашиглаж байгаа учир нөхөн сэргээлтээ ч бас хийх ёстой ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ