Цөмийн зэвсгийн талаар санал зөрөлдөөн гаарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-06 16:19:26

НҮБ. /NHK/. НҮБ-ын Зэвсэг хураах хорооны хэлэлцүүлгийн үеэр цөмийн зэвсэгтэй болон зэвсэггүй орнууд хооронд санал зөрөлдөөн ихээхэн гарчээ.

Цөмийн зэвсэг хураах засгийн газар хоорондын хэлэлцээг эрчимжүүлэх тогтоолыг НҮБ-ын Зэвсэг хураах хороо өчигдөр баталсан байна.  Дэлхийг цөмийн зэвсэггүй болгох зорилгод чиглэсэн үр дүнтэй хууль ёсны арга хэмжээний тухай хэлэлцэх ажлын хэсгийн 15 өдрийн хуралдааныг ирэх жил Женев хотод зохион байгуулахыг уг тогтоолоор уриалжээ.

Тогтоолыг батлахад гишүүн 135 орон санал өгснөөс АНУ, ОХУ зэрэг цөмийн зэвсэгтэй 12 гишүүн орон эсэргүүцсэн байна. Харин Япон тэргүүтэй 32 орон санал өгөхөөс түдгэлзэж, цөмийн зэвсэгтэй болон зэвсэггүй орнуудын хамтын ажиллагааны хүрээнд цөмийн зэвсгийг хураах арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Цөмийн зэвсгийг бүрэн хориглоход уулзалт хамгийн чухал гэж цөмийн зэвсэггүй орнууд үзэж байна. Харин цөмийн зэвсэгтэй орнууд эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж, аюулгүй байдлыг харгалзан үзэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Тэд ажлын хэсгийн хуралдааныг эсэргүүцэх төлөвтэй байна.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянах бага хурал энэ жилийн эхээр тарснаас хойш цөмийн зэвсэгтэй болон зэвсэггүй орнууд хоорондын санал зөрөлдөөн улам бүр газар авч байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ