Орон нутагт зөгий үржүүлж эхэлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-06 15:04:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн иргэн Хабдырашын Богдахан орон нутагт зөгий үржүүлэх ажлыг амжилттай эрхэлж байна.

Тэрээр Сэлэнгэ аймгийн Техник Мэргэжлийн Сургуульд зөгийчин бэлтгэх ангийн багшаар ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан өнгөрсөн хавраас орон нутагтаа зөгий үржүүлэх ажлыг эхлүүлжээ. Анх Сэлэнгэ аймгаас Карпат үүлдрийн 5 зөгийн бүлийг авч ирэн нутаглуулжээ. Зөгийнүүд ч орон нутгийн уур амьсгалд амархан дасч, нэг бүлээс сард 30 кг хүртэл бал авсан байна. Одоо хураасан зөгийн балаа зориулалтын саванд савлаж, сум болон аймгийн төвийг ард иргэдэд борлуулж байгаа аж.

Уг асуудлаар Х.Богдахантай холбогдож тодруулахад: "Сард 150 кг зөгийн бал, 5-6 кг цэцгийн тоос авдаг. Энэ нь манай сумын иргэдийн хэрэгцээнээс давахгүй байгаа. Өвлийг өнтэй давчихвал ирэх жилээс зөгийн тоог өсгөж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна. Гэвч хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж чадаагүй. Энэ салбарт орон нутгийн болон төрийн дэмжлэг шаардлагатай байна" гэв.

Түүний ярьснаар аймгийн төвийн иргэд ч зөгийн бал авахаар  урьдчилан захиалга өгдөг болсон бөгөөд 1 кг-ыг нь 35000 төгрөгөөр зарж амьдралдаа нэмэр болгож байгаа ажээ.    

Ө.Нурболат

Холбоотой мэдээ