Тусгай хяналтын дэд хороо материалтайгаа танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-06 13:58:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ээлжит бус чуулган завсарлаж, Тусгай хяналтын дэд хороо хуралдахаар бэлтгэж байна. 

Тодруулбал УИХ-ын Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар "Ерөнхий сайд Шадар сайдыг тагнаж чагнасан" гэх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэр гаргуулахаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч тус дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргах хүртэл МАН-ын бүлэгт завсарлага өгөөд байгаа юм.

Тусгай хяналтын дэд хороо хуралдах бэлтгэлээ хийж, материалаа хүлээн аван танилцаж эхэлсэн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэллээ. Харин зарим гишүүд тус дэд хороог хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн байр сууриа илэрхийлж байгаа юм.

Тусгай хяналтын дэд хороо нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хянан шалгах чиг үүрэгтэй юм. Тус дэд хороог УИХ-ын гишүүн Сү.Батболд ахалж, Г.Занданшатар, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нарын гишүүд бүрэлдэхүүнд нь багтдаг.
Н.Туяа 



Холбоотой мэдээ