Сөүл Пхеньяны нуувчуудыг устгах хүчин чадалтай цэнэгт хошууг пуужинд суурилуулах боломжтой болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-05 09:25:01
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын пуужингуудад суурилуулах цөмийн цэнэгт хошууны жинд тавьсан хязгаарлалтыг хүчингүй болгохоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар тохиролцлоо. Умард Солонгос өдөөн хатгахаа зогсоохгүй байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Умард Солонгос өнгөрсөн ням гарагт зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй холбоотойгоор Мүн Жэ Ин, Д.Трамп нар Сөүлийн цагаар өчигдөр орой 40 минутын турш утсаар ярьжээ.

Хөх ордны мэдэгдсэнээр, устөрөгчийн бөмбөг туршсан Пхеньяныг тэд эрс зэмлэн буруушаасан бөгөөд Умард Солонгосын эсрэг “байж болох хамгийн чанга хатуу хориг арга хэмжээ”-г авах хэрэгтэй гэж санал нэгджээ.

АНУ-тай байгуулсан хоёр талын нэгэн хэлэлцээрт заасны дагуу Өмнөд Солонгос нь баллистик пуужингуудад 500 кг-аас давсан жинтэй цөмийн цэнэгт хошуу суурилуулах боломжгүй байсан юм. Энэ хязгаарлалтыг хүчингүй болгохоор хоёр улсын удирдагчид тохиролцсон байна.

Энэ хязгаарлалтыг хүчингүй болгосноор Сөүл шаардлага гарсан тохиолдолд Умард Солонгосын газар доорх цэргийн байгууламжууд болон удирдагчдынх нь хоргодох байруудыг устгаж чадахаар болж байна гэсэн үг.

Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх замаар буюу аядуу зөөлөн аргаар асуудлаа шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан Мү Жэ Ин “Пхеньяны эсрэг илүү хатуу чиг шугам баримтлах"-аар төлөвлөж буйгаа ням гарагийн цөмийн туршилтын дараа мэдэгдсэн юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ