Монгол Улс “Дорно” усан боомтыг ашиглах сонирхолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-05 08:46:26
ВЛАДИВОСТОК./TASS/. Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд руу өөрийн транзит ачаагаа тээвэрлэхэд Приморийн хязгаар нутгийн “Дорно” усан боомтыг ашиглах сонирхолтой байгаа ажээ. Тус хязгаар нутгийн захирагчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 9 дүгээр сарын 6-7-нд Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын өмнө Приморийн хязгаар нутгийн тэргүүн Владимир Миклушевскийтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

“Юуны түрүүнд бид “Дорно” усан боомтыг сонирхож байна. Энэ усан боомтын үйл ажиллагаатай би маргааш танилцах бодолтой байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Приморийн хязгаар нутагтай ложистик, тээврийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярихдаа хэлжээ. Түүний хэлснээр, Монгол Улс Приморийн нутаг дэвсгэр дээгүүр, тус бүс нутгийн өмнөд хэсэгт орших олон улсын тээврийн коридор, боомтоор дамжуулан Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд руу ачаа тээвэрлэх сонирхолтой байгаа ажээ.

Приморийн хязгаар нутаг, Монгол Улсын харилцаа амжилттай хөгжиж байгааг В.Миклушевский тэмдэглээд, энэ оны эхний хагас жилд Монгол-Приморийн бараа эргэлт 3,8 дахин өссөн болохыг онцлон дурджээ. “Одоогийн байдлаар бид зөвхөн манай бүс нутгаас Монгол руу бараа экспортлох чиглэлээр л хамтран ажиллаж байна, харин одоо бид бас импортыг хөгжүүлэх хэрэгтэй байна” хэмээн мужийн захирагч онцлон хэлжээ.

Алс Дорнодын холбооны их сургуулийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Дорнын эдийн засгийн уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч 9 дүгээр сарын 4-нд Владивосток хотод хүрэлцэн иржээ. Тус их сургуулийн олон улсын харилцаа эрхэлсэн дэд захирал Виктория Панова түүнийг угтан авсан байна.

“Ийм өндөр түвшний зочныг Алс Дорнодын холбооны их сургуульд угтан авч байгаадаа бид баяртай байна. Манай кампуст өнгөрүүлсэн цаг мөч мөн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын арга хэмжээнд оролцох нь танд сайхан сэтгэгдэл үлдээнэ гэж найдаж байна” хэмээн В.Панова ярьжээ.  

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм. Үүнээс гадна Халтмаагийн Баттулга “Орос-Монгол: уулзах газар – Алс Дорнод” сэдэвт дугуй ширээний ярилцлагад оролцох ба уг дугуй ширээний ярилцлага дээр хоёр орны хамтын ажиллагааны асуудал, хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн хамтаар жүдо бөхийн өргөө барих газарт шав тавих төдийгүй залуу жүдочдын тэмцээнийг үзэх юм.

Дорнын эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалт 9 дүгээр сарын 6-7-нд Владивосток хотноо болно. Мэдээллийн ТАСС агентлаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын мэдээллийн ерөнхий түнш, албан ёсны фотохост-агентлагаар мөн ДЭЗЧУ-2017 хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах бүсийн модератороор ажиллаж байгаа ажээ.
О.Барс 
Холбоотой мэдээ