Уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-31 20:47:17
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ жил нийт нутгаар хур бороо бага байснаас байгалийн хадлан бэлтгэх боломжгүй болсон юм. Өвөлжилтийн хүндрэлийг давахын тулд “Уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэх аян”-ыг өрнүүлж  эхлэв.

Нийт нутгаар хур бороо бага байснаас 2017-2018 оны мал аж ахуйн өвөлжилт хүндэрч магадгүйг мэргэжилтнүүд эртнээс анхааруулж байна. Орон нутгийнхаа боломж, нөхцөлд тулгуурлан малын тэжээл болохуйц сөлийн хомоол, таана, хүмүүл, халгай, сүрэл, лай, үр  тарианы хаягдал, болон төмс хүнсний ногооны иш навч зэргээр гар тэжээл бэлтгэх, уламжлалт арга ухааныг сэргээх, залуу үедээ өвлүүлэн, уламжлуулах зорилгоор “Уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэх аян”-ыг аймгийн хэмжээнд өрнүүлж эхлэв.

Аяны хүрээнд мал бүхий өрх, нэг хонин толгойд нэг килограмм, байгууллага, ААН, иргэн бүр таван килограммаас доошгүй, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид гурван килограммаас доошгүй гар тэжээл бэлтгэх юм. 

Байгаль, цаг уурын давшгүй хүчин зүйлээс урьтаж Төв сайхан нутгийн түмэн олон аянд нэгдэж малын гар тэжээл бэлдэхийг аймгийн ХХААГ-аас уриалав. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ