Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-30 15:53:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо  Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран өнөөдөр Өлгий хотын төв талбайд цуглаан зохион байгууллаа.

Албаны эх сурвалжийн мэдээллээр уг цуглаанд Өлгий сумын бүх сургууль, цэцэрлэг болон Бугат, Цэнгэл сумдын багш нарын төлөөллүүдээс бүрдсэн 350 гаруй хүн оролцсон байна. Багш нарын ийнхүү цуглан зохион байгуулах болсон шалтгааныг Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооны зохицуулагч Ж.Аршагүл: "Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсад ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, ард иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэж байгаа. Гэвч тэдний цалин хөлс өдөр тутмын наад захын хэрэгцээнд хүрэлцдэггүй. Цалингаас цалингийн хооронд үргэлж өр зээлтэй амьдарч байгаа тул тэмцэлд гарч байна" хэмээн тайлбарлалаа.

Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншиликийн ярьснаар тус аймгийн 600 гаруй багш цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж гарын үсэг зуржээ. Тэрээр: "Багш нар маш зөв асуудлыг хөндөн тавьж байна. Тэдний авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүй болохоор насаараа цалингийн зээлтэй амьдарч байгаа. Улс орны эдийн засгийн байдлыг харгалзан үзэж сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн багш нарын цалинг эхний ээлжид нэмэгдүүлэх шаардлагатай. Хүмүүс янз бүрээр ярьж байгаа боловч багш нар 850 мянгаас доошгүй цалин авах ёстой гэж үзэж байна. Боловсролтой хүн эх орныг маань авч явна. Тиймээс энэ бол зөвхөн багш нарын асуудал биш Монгол Улсын хөгжил дэвшил, хувь заяаны асуудал юм" гэв.

Цуглаанд оролцогчид багш нарын цалинг нэмэгдүүлэх үндэслэлүүдийг тайлбарлаж, шаардах бичгээ орон нутгийн удирдлагад гардуулж өглөө.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ