Баян-Өлгийд Орос хэлний төвийн салбар нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-28 15:43:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн төвд Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн салбар нээгдэж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ.

Уг салбар нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулах аж. Салбарыг байгуулж буй зорилго, эрхлэх үй ажиллагааны чиглэлийн талаар салбарын захирал Х.Жулдыз: "Бидний гол зорилго бол орос хэл заах. Багш нарыг ОХУ-д төлбөртэй болон төлбөргүй сургалтуудад хамруулна. Оросын багш нар энд ирж манай аймгийн орос хэлний багш нарт хичээл заана. Мастер класс, сургалт зохион байгуулна. Мөн ОХУ-д суралцах хүсэлтэй хүүхдүүдийг шалгалтад бэлтгэх боломжтой" хэмээн нээлтийн ажиллагааны үеэр тайлбарлалаа.

Нээлтийн ёслолд аймгийн удирдлагууд оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга А.Гылымхан оны эцэст орон нутгийн төсвийг батлах явцад уг төвийн төсвийн асуудлыг шийдэхээ илэрхийллээ. Мөн Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн салбар нь иргэдэд тус улсын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг ойртуулж байгаагаараа ач холбогдолтойг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре энэ үеэр онцоллоо.

Дашрамд хэлэхэд, өнгөрсөн 5 дугаар сард Россотрудничество агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов,  Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.Зауре, “Найз нөхдийн ертөнц” орос хэлний төвийн захирал Х.Жулдыз нар Орос хэлний төвийн салбарыг нээх тухай гурван талт гэрээнд Улаанбаатар хотод гарын үсэг зурсан юм. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ