Гурван суманд хүчтэй мөндөр оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-22 14:30:54
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 15 орчим хувьд зуншлага хэвийн, газрын гарц сайтай, 70 орчим хувьд гандуу, 15 хувь нь гантай байна.
Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл сумдын өмнө хэсэг, Уянга, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Сант, Баянгол сумдын хойд хэсгээр зуншлагатай байсан бол Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумын зарим газраар гантай, гандуу байгаа аж. 8 сар гарсаар үргэлжилсэн бороо орж, газрын өнгө сэргэсэн ч салхины хурд, хүч их байгаагаас төдийлөн засал авахгүй гэдгийг албаныхан хэлж байна.
Энэ зуны байдлаар Өвөрхангай аймагт нийт гурван удаа мөндөр буусан байна. УЦУОША-аас авсан мэдээллээр 7 сарын 23-ны өдөр Хайрхандулаан суманд, 8 сарын 2, 3-ны өдрүүдэд Бат-Өлзий, Төгрөг сумдад 8-18 мм голчтой мөндөр 4-5 минутыг турш үргэлсэн оржээ. Энэ нь байгалийн түр зуурын үзэгдэл бөгөөд хүн, амьтанд сөрөг нөлөө үзүүлээгүй гэнэ.
Ойрын өдрүүдэд усархаг бороо ихэнх нутгаар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг тус албанаас анхааруулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ