Ургац алдсан хүнсний ногооны үрийг ирэх хавар нөхөж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-17 13:39:47
Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ намар 360 га талбайгаас төмс хураана. Дунджаар нэгж талбайгаас 83,4 центнер ургац авч 3005,2 тонн  төмс хураахаар урьдчилсан байдлаар тогтоолоо. Мөн хүнсний ногоо 129,4 га талбайгаас 1142,8 тонн ургац авах боломжтой байна.

Хутаг-Өндөр суманд төмс тариалсан 20, хүнсний ногооны үр суулгасан 10 га талбайн ургац алджээ. Тус суманд өнгөрсөн сард хүчтэй салхи салхилж, бороо мөндөр орсон байгалийн гамшигт сумын төвийн айл өрхийн тариалсан төмс, хүнсний ногоо болон хүлэмж өртсөн юм. ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга иргэдэд учирсан хор хохирлын байдалтай танилцаад, мөндөрт нэрвэгдсэн хүлэмжийг хучлагаар хангах, хүнсний ногооны үрийг ирэх хавар олгож, дэмжлэг үзүүлнэ  гэдгээ  илэрхийлсэн байна.

Тус аймагт энэ хавар төмс, хүнсний ногооны тариалалт өмнөх оноос буурч төмс тариалах төлөвлөгөөг 74,8 хувь, хүнсний ногооны 55,9 хувь биелүүлсэн юм. Энэ нь сумдын удирдлагууд хүн амын хүнсний ногооны хэрэгцээг хангах, тариалалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг механикжуулахад идэвхи санаачлага гаргадаггүй, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүйтэй холбоотой гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дүгнэж байгаа юм. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зуны эхэн сард хэт халуун байснаас ялангуяа үрсэлгээтэй хүнсний ногооны тариалалтыг багасгасан гэж тайлбарлаж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ