С.Цэдэнбалжир: Энэ өвөл өөрсдөө ч гадагшаа оторлохгүй, отрын мал ч гаднаас оруулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-15 18:42:05
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 2016 оны эцсээр 5.2 сая толгой мал тоологдож, үүний дээр энэ онд 1.8 сая төл мал хүлээн авсан. Нийт дүнгээр долоон сая орчим толгой малыг хэрхэн өвөлжүүлэх тухайд аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжираас тодрууллаа.
 
-Өвөрхангай аймагт хэдийгээр ид бороо орж байгаа ч хүйтэрч, намар цаг хэдийн ирчихээд байна. Хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн болов уу?
-Манай аймгийн 109 багт 15400 малчин өрх бүхий 10 мянган хот айлд 5.6 сая мал өвөлжих төлөвтэй байна. Хэдийгээр 7 сая толгой малтай ч малчид маань 1.4 сая орчим толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулах болов уу, тэгэх ч шаардлагатай байгаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2017 оны А377 захирамж гарч, эдгээр эрхзүйн бичгүүдийн хүрээнд мал аж ахуйн өвөлжилтийн төлөвлөгөөг гаргасан. Энэ дагуу сумдын удирдлагуудыг хамруулан сургалт явуулж, үүрэг чиглэл өгөөд байна. Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр багуудын ИНХ-аар хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодорхой шийдвэрүүдийг гаргана.

-Өвөрхангай аймгийн нутагт зуншлага хэр байв? Өвлийг хатуу болно гэж хүн бүр л ярьж байгаа. Албаныхан ямар байр суурьтай байна вэ?
-Энэ зун нийт нутгийн 15 орчим хувь нь зуншлага сайтай, 70 орчим хувьд хэвийн, баруун талын сумд буюу Баруунбаян-Улаан, Нарийтээлд гандуу байлаа. Улсын хэмжээнд нийт нутгаар гандуу, зарим аймгуудад газрын гарц муу байгаагаас үзэхэд өвөл нэлээн зүтгэж болзошгүй. Гэхдээ өвлийн бэлтгэлээ эртхэн базааж, хадлан тэжээлээ сайн авч чадвал урд жилүүдийн туршлагаараа өвлийг өнөтэй давж чадна гэсэн бодолтой байна.

-Бусад аймгаас отрын айл өрхүүд нэлээн ирсэн байна. Тэднийг өвөлжүүлэх үү?
-Булган аймгийн Дашинчилэн, Бүрэгхангай, Рашаант сум, Төв аймгаас 180 малчин өрхийн 100 мянга гаруй мал манай аймагт отроор ирсэн. Саяхнаас гандуу байсан газруудад бороо хур нэлээн орж, отрын айлууд нутаг буцаж байгаа. Малын өвчлөлийн голомттой нутгуудаас мал ирж, эрүүл бүсэд халдаах вий гэх болгоомжлол байсан учраас отрын мал оруулахгүй байх тал дээр арга хэмжээ авсан. Гэсэн ч манайх өөрсдөө зарим үед отроор очдог, нөгөө талаар ах дүүс, хамаатан садангийн холбоотой болчихсон иргэдийг тэр бүр хөөгөөд байх боломжгүй юм.
Манайх аймаг дотроо ч харьцангүй их отор хийсэн. Долдугаар сарын сүүлч, наймдугаар сард үргэлжилсэн бороо орж газрын гарц сайжирч, ногоо өтгөрч, мал таргалуулахад дөхөм болж байна. Энэ өвөл өөрсдөө ч гадагшаа оторлохгүй, отрын мал ч гаднаас оруулахгүй гэсэн шийдвэртэй байгаа.

-Хадлан хэр авахаар байна вэ?
-Засгийн газраас аймгийн аюулгүйн нөөцөд 350 тонн өвс, 90 тонн тэжээлийг, сум бүр 100 тонн өвс, 40 тонн тэжээл бэлтгэх үүрэг чиглэл өгсөн. Аймагтаа хадлан авах боломжгүй учраас Дорнод аймаг руу хадлангийн салаа гаргахаар ярилцаж байна. Энэ хавар аймгийн хэмжээнд  9300 га талбайд тариалалт хийсний 7500 га талбайд улаан буудай, 600 га-д малын тэжээл тарьсан. Сая наймдугаар сарын 12-14 өдрүүдэд бид газар дээр нь очиж, ургацын балансыг тодорхойллоо. Ургац ид ургах үед бороо бага, гандуу байснаас шалтгаалан 1500 га талбайн улаан буудай малын тэжээлд шилжих байдалтай байна.

-Хятадын хөрөнгө оруулалттай Мах маркет ашиглалтад орсон болов уу?
-Малчдын бэрхшээлтэй зүйл бол мал, махаа хэрхэн борлуулах тухай юм. Аймагт мах боловсруулах томоохон үйлдвэрийг байгуулж байгаа ч одоогоор Хятадын талын хөрөнгө оруулалт орж ирээгүй, ашиглах боломжгүй байна. Монгол Улсын Засгийн газраас тухайн үйлдвэрийг 3 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгсөн. Аймаг ч өөрөөс шалтгаалах ажлаа хийж, орон нутгийн өмчит компани байгуулсан. Үйлдвэрийн барилгыг өргөтгөх, тоноглох боломжийг бүрдүүлж өгсөн. Үйлдвэрийг ашиглалтад оруулах талаар манай удирдлагууд ярилцаж, хэлэлцэж яваа байх.  

-Хөдөө аж ахуйн салбарын бусад ажлууд хэр хийгдэж байгаа вэ?
-Малын эрүүл мэндийг хамгаалахад аймгаас нэлээн анхаарч байгаа. Эрүүл, тайван бүсээ хадгалахын тулд 1.2 сая төл малаа тарилгад хамруулах ажлыг аймгийн хэмжээнд эхлүүлээд байна. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн керолин 10 тонныг авч, малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэн мал угаах ажлыг зохион байгуулж байна. 12 худаг шинээр гаргахаар тендер зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулаад байгаа. Үлийн цагаан оготно их байгаа учраас яаманд хүсэлт тавьж, энэ жил 30 мянган га талбайд хортон мэрэгчтэй тэмцэхээр төлөвлөөд байна.
Ярилцсан Б.Батчимэг

Холбоотой мэдээ