Хувийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг "Сайн үйлсийн эзэн"-ээр өргөмжлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-05 10:59:04

БСШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр  Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын төлөөллийг  “Сайн үйлсийн эзэн”-ээр  өргөмжиллөө.

Энэ үеэр салбарын сайд, “Бусдын хүүхдийн төлөө цаг наргүй ажилладаг мэргэжил нэгт багш нарынхаа хүүхдүүдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулж байгаа нь  тухайн өрх гэрт төдийгүй нийгэмд чиглэсэн томоохон бодит хөрөнгө оруулалт хийлээ”  хэмээв.

Энэ хичээлийн жилд  Хувийн хэвшлийн цэцэрлэгийн холбоо, БСШУЯ болон Нийслэлийн боловсролын газартай хамтран энэхүү сайн үйлсийн аянаа эхлүүлсэн юм. Энэ хичээлийн жил эхэлснээс хойш  багш нарын хүүхдүүд болох 2200 хүүхэд хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамарч байна. Гэр, сургуулийнхаа ойр байрлах дурын цэцэрлэгт хүүхдээ өгөөд ажлаа санаа зовох зүйлгүй хийдэг болсондоо багш нар баяртай байгаа аж.

Сургуулийн өмнөх боловсролд хамрах хүүхдийн тоо жил бүр өссөөр байна. Сүүлийн 4 жилд цэцэрлэгт хамрах хүүхдийн тоо  2 дахин нэмэгдэж, зарцуулдаг мөнгөн дүн 110 орчим тэрбум төгрөг байсан бол энэ жилүүдэд 220 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн таван жилийн өмнө улсын хэмжээнд  700 орчим цэцэрлэгтэй  байсан бол  одоо 1200 даваад байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэг үүссэн цагаас баригдсан  тоо сүүлийн 4-5 жилд 2 дахин нэмэгджээ.  Дөрвөн жилийн өмнө  сургуулийн өмнөх боловсролд   дунджаар 4000  багш ажилладаг байсан бол өдгөө улсын хэмжээнд СӨБ-д багшилдаг багшийн тоо 9000 болжээ. Энэ тоо  ирэх жил 11000 болно гэсэн статистик тоо гарчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ