Хүннүгийн үеийн түүхийн эргэлзээтэй тоолол, үйл явдлууд илэрхий болсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-09 17:57:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/ 2000 жилийн өмнөх Хүннүгийн үеийн хадны бичээсийг Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн эрдэмтэдтэй хамтран тайлж уншсан талаараа Чингис хаан дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, тус сургуулийн багш Б.Балжинням нар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тэд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт байрлах  Зүүн Хань улсын үеийн 20 мөр, 250 гаруй ханз бүхий хадны бичээсийн агуулгыг нэг жилийн хугацаанд уншжээ.

Судалгаагаар 2000 гаруй жилийн өмнөх 89 оны зургаа, долдугаар сард умард Хүннүг хагалган бутаргаж дайлаар мордож буй талаар өгүүлсэн болохыг тогтоосон байна.

Чингис хаан дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн “Тус бичээсийг тайлж уншсанаар Хүннүгийн үеийн түүхийн эргэлзээтэй тоолол, үйл явдлууд илэрхий болсон. Нөгөөтэйгүүр, энэхүү бичигт гарч буй үйл явдал нь Зүүн Хань улсын үед болсон үйл явдалтай давхцаж байгаа бөгөөд цаашид энэхүү бичээсийн тайлбарыг дэлгэрүүлэн эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлүүлнэ” хэмээв.

Түүнчлэн Ононгийн сав Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлсэн бөгөөд МЭӨ XII-VIII зууны үеийн бугын дүрст хөшөө бүхий дурсгалын байгууламж, дундад зууны үеийн Орхоны соёлд хамаарагдах хүн дүрст хөшөө зэрэг урьд өмнө нь судлагдаагүй хэрэглэгдэхүүнүүдийг олж илрүүлсэн тухайгаа судлаачид ярилаа.
 
Л.Нандиа
Холбоотой мэдээ