Бүргэдчин охин Н.Айшолпан “Asia Game Changer Awards-2017” шагнал хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-09 17:34:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Наргайыпын Айшолпанд олгохоор болсон талаар www.asiarussia.ru сайт мэдээллээ.

"The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Н.Айшолпан "Хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн"-ийнхөө төлөө энэхүү шагналыг хүртэхээр болжээ.  

“Asia Game Changer Awards-2017”  шагналыг ирэх 11 дүгээр сарын 1-нд АНУ-ын Нью-Йорк хотод гардуулах бөгөөд Н.Айшолпанаас гадна Афганистаны залуу рэпер Сонита Ализадех, буяны үйлстэн Ага хан, Энэтхэгийн төр, нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, такси дуудлагын сүлжээг үндэслэгч Жан Лию зэрэг хүмүүст мөн олгох аж.



Дашрамд хэлэхэд, Н.Айшолпан охин одоо Өлгий хотын Заид бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг бөгөөд 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй "Олигвы Энтертайнмент"-ын бүтээсэн "The Eagle Huntress" нэртэй баримтат киноны гол дүрд тогложээ. Кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж. Уг кино 2016 онд АНУ-ын 100 гаруй хотод, 2017 оны дөрөвдүгээр сард Монголд нээлтээ хийж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ