Давтан вакцинжуулалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:56:24

Баян-Өлгий аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газар мал сүргийн өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл өгөв.

Газрын дарга Ж.Онгар ярихдаа, -Энэ сар эхлэнгүүт аймгийн төв орчмын сумдын нутагт их хэмжээгээр цас орж, хайлж хөлдөх хандлагатай байгаа бол Ногооннуур, Алтанцөгц, Дэлүүн, Булган сумын хавиар их цас орсонгүй. Булган сумын тавин мянга орчим мал өвлийн оторт гарлаа. Булган, Дэлүүн сумын малыг Хөх сэрхийн нурууны улсын хамгаалалттай газарт оторлох зөвшөөрөл хараахан шийдэгдээгүй. Толбо сумын малчид Эрдэнэбүрэн сумын нутагт отор хийхээр тохиролцсон байна. Өвс хадлангийн бэлтгэл сайн хангагдсан ч зарим газрын бэлчээрийн өвс тарчиг тул цаашид бэрхшээл тулгарч магадгүй. Ер нь тус аймагт анх удаа хоёр сая гаруй толгой мал өвөлжих болоод байгаа тул бэлчээрийн даац улам хүндрэх төлөвтэй. Мал, махны үнэ буурсан хэвээрээ, гадаадад экспортлох асуудал бүрэн шийдэгдээгүй. Алтай суманд гарсан шүлхийн халдвар таслан зогсоогдсон ч тэнд тавигдсан хориг тайлагдаагүй. Гэтэл хорио цээрийн журам зөрчих асуудал байна. Тэр орчмын ная гаруй мянган толгой мал эхний ээлжийн вакцинд бүрэн хамрагдаад, дараачийн вакцинжуулалт дал орчим хувьтай явагдаж байна. Энэ сумаас мал аж ахуйн бүтээгдэхүүн гадагшаа гаргахгүй байх талаархи хяналтыг чангатгалаа. Малчид малаа паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхайлах шаардлагатай байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ