Самарчдын гэмтээсэн модыг будаж сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-08 14:19:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд самрын гарц, ургалт сайн байгаа нь иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлж байгаа ч иргэдийн буруу үйл ажиллагаанаас үүдэн ой мод их хэмжээгээр гэмтэж байна.

Самарчид самрын болц түүхий байхад ургаа модыг халцгай болтол мунадах, давирхайг нь гоожуулах, мөчрийг хугалах зэрэг байгаль орчинд халтай сөрөг үйлдлийг байнга гаргаж байгаа юм. 

Аймгийн БОАЖГ, Онги, Таац голын сав газрын захиргаа, Зүүнбаян-Улаан сумын байгаль орчныг хамгаалах улсын байцаагчид, “Бичигт нөхөрлөл” ТББ хамтран иргэдийн гэмтээсэн хуш модыг будах, сэргээх, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ.
Мөн Зүүнбаян-Улаан сумын Хад бригадын малчин өрхүүд нэгдэн улиас, шинэс, хуш зэрэг модны 2 настай суулгацыг 600 гаруй ширхэг суулган, 0.5 га газарт  зурвас ойжуулалтыг хийсэн байна.

Намрын улирал хаяанд ирж, самарчид сураг тавьж эхэлсэн энэ үед аймгийн холбогдох албануудаас хориг тавих, анхааруулга, зөвлөгөө өгөх ажлын бэлтгэл хийж байгаа аж.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ