Итали улс боомтуудаа хаана гэж сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-08 12:13:30
РОМ. /ВВС/. Цагаачид болон дүрвэгчдийг тээвэрлэн авчирч буй бусад улс орны хөлөг онгоцуудыг боомтууддаа нэвтрүүлэхгүй гэж Итали улс анхаарууллаа.

Италиас Европын Холбоонд /ЕХ/ суугаа төлөөлөгч Маурицио Массари “цагаачлалын хямралыг зогсооход бэрх болоод байна” гэсэн агуулга бүхий захидлыг ЕХ-нд илгээсний дараа ийм анхааруулга өглөө.

Тус улсын Ерөнхий сайд Паоло Жентилони Европын бусад улс орныг “амиа хоохойлж, нүүр буруулж байна” гэж буруушаав.

Өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд л гэхэд Хойд Африкаас 10 мянга орчим цагаач Италид очихыг оролджээ.

Он гарснаас хойш Италид өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар олон буюу 73 мянга гаруй цагаач очоод байна.

НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан газрын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Италид очихын тулд Газар Дундын тэнгисийг гатлах амь өрссөн аялал хийх замдаа 2000 орчим хүн живж амиа алджээ. Тэдний олонх нь Ливиэр дамжин Итали руу явж байв.

Ливи бол Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсууд, Арабын хойгийн улсууд, Египет, Сири ба Бангладешийн цагаачдын хувьд Европт хүрэх гол чиглэлүүдийн нэг юм.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ