53 мянган хүүхдэд үйлчлэх амбулатори нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-11-04 15:42:50

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд өнөөдөр Хүүхдийн амбулатори үүдээ нээлээ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клубын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу энэхүү амбулаторийг шинээр ашиглалтад оруулав.

Ингэснээр гэр хорооллын алслагдсан дүүргийн хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна.

Нээлтийн үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ, "Саяхан шав тавьж байсан Хүүхдийн амбулатори нээлтээ хийж байгаа нь Энхтайван хөгжлийн сангийн хамт олны уйгагүй хичээл, зүтгэлийн үр дүн" хэмээн онцлов.

Тус Хүүхдийн амбулаторийн санхүүжилтийг Хятадын Энхтайван хөгжлийн сангаас гаргажээ. "Энэ амбулаторийг нээж байгаа нь Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцааны  илрэл гэж үзэж байна. Монгол Улс бол Хятадын сайн нөхөр, хөрш мөн. Тиймээс хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" хэмээн Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга Ю Шяо Шуан  хэлж байлаа. 

Шинээр ашиглалтад орж байгаа Хүүхдийн амбулаторид 500 мянган ам.долларын үнэ бүхий БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн хүчин чадалтай хүүхдэд зориулсан рентген аппарат, 4D эхо зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулжээ.

Хүүхдийн амбулаторийн эрхлэгч Б.Баянмөнх хэлэхдээ, “Энэ эмнэлэгт Чингэлтэй дүүргийн 0-18 насны 53 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Өмнө нь насанд хүрэгчид болон хүүхдийн амбулатори нэгдмэл байдлаар үйлчилдэг байсан бол өнөөдөр ийнхүү хүүхдийн хэвтэхээс бусад оношилгоо, эмчилгээг шийдэх боломжтой боллоо. Нийт 57 эмч, сувилагч, туслах ажилтан  хүүхдийн гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар хоолой, шүд гэх зэрэг 15 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ” гэв.

 “Хүүхэд өвдлөө гэхэд хаана яаж үзүүлэхээ мэдэхгүй тэвдэж дугаарлан хүлээдэг бид дүүрэгтээ тэр дундаа гэр хороолол дунд байрлаж, ард иргэдэд ойртсон үйлчилгээ үзүүлэх эмнэлэгтэй болсон нь нүдээ олсон ажил болжээ” хэмээн тус хорооны иргэд ам сайтай байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ