Баян-Өлгий аймгийн 25 оюутан Казахстаны тэтгэлгээр суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-28 10:32:36
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгссөн Баян-Өлгий аймгийн  25 сурагч Дорнод Казахстаны Улсын Их Сургуульд тэтгэлгээр суралцахаар болжээ. Энэ талаар тус сургуулийн аймаг дахь салбар сургуулиас мэдээллээ.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос хойш БН Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсад зориулж жил бүр 25 тэтгэлэг хуваарилдаг бөгөөд элсэлтийн шалгалт энэ сарын 26-ны өдөр Өлгий хотод зохион байгуулагджээ. Шалгалтыг Казахстан улсаас ирсэн Дорнод Казахстаны Улсын Их Сургуулийн Олон Улсын харилцааны хэлтсийн дарга Абылайхан Куандых, Бүртгэлийн хэлтсийн дарга Балхан Укурметовагаар ахлуулсан ажлын хэсэг удирдан явуулсан байна.
 

Шалгалтад нийтдээ 67 сурагч оролцож, эхний 25 хүүхэд уг тэтгэлэгт хамрагдах эрхтэй болжээ. Эдгээр хүүхдүүд ирэх хичээлийн жилээс эхлэн Өскемен хотод математик-физик, биологи, мэдээлэл зүй, англи  хэлний чиглэлээр үнэ төлбөргүй, оюутны тэтгэлэгтэй суралцах ажээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ