Байгаль орчны чиглэлээр авах арга хэмжээний тухай албан даалгавар гарчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-07-27 20:31:29
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хуш модны самрыг болц гүйцэхээс өмнө хууль бусаар түүж бэлтгэх, худалдах, худалдан авахаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал жуулчлал ихэссэнтэй холбогдуулан төвлөрсөн хог хаягдлыг татан зайлуулах ажлуудыг хэрэгжүүлж ажиллах тухай заасан албан даалгаврыг өчигдөр гаргажээ. Албан даалгаврыг бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт хүргүүлээд байна.
Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа ахлан нийт арван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Мөн албан даалгаварт туссан ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-аас БОАЖГ, МХГ, ОБГ, Цагдаагийн газар, Орхон Чулуут голын сав газрын захиргаатай хамтарч сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, самар зэрэг байгалийн дагалт баялгийг зохистой ашиглахад хэрхэн анхаарах, усны аюулгүй байдал, хог хаягдлын талаарх хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулсан байна. Аймгийн Засаг даргын Байгаль орчны талаар авах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх албан даалгаврын хүрээнд иргэдээс мэдээлэл авах нээлттэй утас ажиллуулах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ