THAAD-ыг дахин туршихаар бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-25 12:21:49
ВАШИНГТОН. /VOA/. Умард Солонгосын зүгээс ирж буй аюул заналхийлэлд хариу үзүүлэхийн тулд пуужингийн довтолгооноос хамгаалах системээ АНУ дахин туршихаар бэлтгэж байна. Аляскийн хойгийн баруун хойд хэсэгт пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийн туршилтыг тун удахгүй хийнэ гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, тэнгисийн цэргийн хүчний ахмад Жефф Дэвис даваа гарагт мэдэгдсэн байна.
 
 
Энэ нь тухайн системийн бэлэн байдлыг шалгадаг “өдөр тутмын арга хэмжээ” юм гэж тэрбээр хэлсэн байна. АНУ-ын эргийн хамгаалалтын албанаас уг туршилтыг бямба гарагт гарагт хийж магадгүй тухай мэдээлсэн бөгөөд Кодиак арал, Аляскийн хойг, Хавайн арлуудын хоорондох далай тэнгисийн орон зайд аялахгүй байхыг хөлөг онгоцуудын багийнханд зөвлөсөн байна.
 
Энэ сарын эхээр дунд тусгалын дуураймал пуужинг буудан сөнөөж, пуужингийн довтолгооноос хамгаалах системийг амжилттай туршсан гэж АНУ-ын зэвсэгт хүчний командлал мэдээлсэн билээ. Энэ нь АНУ-ын хувьд ойрын зайн тусгалтай пуужинтай харьцуулахад илүү хурдан, устгахад хэцүү байдаг дунд тусгалын пуужинг устгахад THAAD буюу пуужингийн довтолгооноос хамгаалах системийг амжилттай ашигласан анхны тохиолдол байв. 

Аляскад хүрч чадах тив алгасах баллистик пуужинг Умард Солонгосын тал амжилттай хөөргөсний дараа уг туршилтыг хийсэн байна. Умард Солонгос улс АНУ-ын хоригийг үл харгалзан цөмийг зэвсэг үйлдвэрлэж байгаа бөгөөд зэвсгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд олон тооны пуужин хөөргөн туршсаар байгаа юм.
Х.Сарнай 

.
 
Холбоотой мэдээ