Морин хуур чуулгынхан “Кармен сюит"-ийг эгшиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-03 18:12:07

Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ сарын 13-нд тоглох "Кармен сюит" хэмээх тоглолтын бэлтгэлд ороод байна.

Тус алдарт бүтээлийн хөгжмийг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров найруулжээ. Тэрбээр, “Энэ дуурийн хөгжим дэлхийн соёлт хүмүүсийн сонсох гайхамшигт бүтээл болохын хувьд болон Кармений хөгжмөөр 1970-аад онд Оросын хөгжмийн зохиолч Р.Щедрин найруулан балет болгосон туршлага байсныг харгалзан Кармен дуурийг сонгосон. Кармен гэх алдартай бүтээлийг Кармен хэмээх гайхамшигт хөгжмийг бүжгэн жүжгийн дагах хөгжим биш бие даасан концертын бүтээл болгохоор зорьсон юм. Мөн Морин хуурын чуулгын өсөлт, чадварыг харуулахаас гадна Кармены гайхамшгийг сонсогчдод мэдрүүлэх хөгжмийн соёлын чухал үзэгдэл болох нь лавтай. Чуулга бүрэлдэхүүндээ цохивор хөгжмийн хамтлагийг нэмж шинээр найруулснаар Карменыг сонсох нь XXI зууны аяс төрхийг олж байгаа юм. Дэлхийн оркестрт Кармен мөнхийн нээлт, мөнхийн гайхамшиг байсаар ирсэн. Монгол үндэстний театрын хөгжмийн хувьд ч нэгэн адил. Сонсоод хэн боловч хөгжмийн яруу сайхан амт шимтийг мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээжээ.

Тоглолтыг удирдаач СТА Д.Түвшинсайхан удирдан явуулах бөгөөд Морин хуур чуулга, Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ