XIV Далай ламын их ёнзон багш Лин Ринбүчи Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-07-19 15:38:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын их ёнзон багш Лин Ринбүчи Монголд номын айлчлал хийхээр ирлээ.

Ёнзон багш Лин Ринбүчи Данзан Лүндог Пэрэнлэйчодов хувилгаан бээр өмнөд Энэтхэг дэх Брэйвүн хийдийн Шашны их сургууль Лосали дацанд буддын гүн ухаанд суралцаж байгаа бөгөөд Дээрхийн гэгээн XIV Далай ламын итгэл найдварыг хүлээсэн Энэтхэг дэх Буддын шашны ирээдүй болсон эрдэмтэй залуу лам юм.



Тэрбээр, “Монгол, Төвд орон эртнээс шашин, соёл, өв уламжлал, номын ариун холбоотой. Үүний илрэл нь Монголын олон лам нар Төвд оронд бурханы шашныг судлан, эрдэмд оройгүй суралцаж байдаг. Үүнээс үзэхэд Монголчуудын ном сурч байсан ариун холбоо ажиглагдана.Төвд орон өөрийн тусгаар тогтнолыг алдсан хэдий ч бурханы шашин гэсэн ариун зүйлээ хадгалж байгаа. Монгол Улс хэдийгээр шашингүйн үзлийн нийгмийг туулсан боловч өнөөдөр тусгаар тогтносон, шашнаа шүтэх эрх чөлөөтэй байгааг хараад Монголчуудын зол заяаг бахдаж байна. Миний хувьд Монгол оронд очиж үзэх юм сан гэсэн хүсэл их байсан. Мөн Монгол оронд морилох хэрэгтэй, шашин номын тусыг хүргэх хэрэгтэй гэж олон нэр хүндтэй лам нар санал болгож байсан. Энэ жил хүсэл маань биелж Монгол оронд ирж бурхан шашны сүсэгтэн олонтой уулзаж, бурханы шашныг таниулан дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байна" гэв.

Тэрбээр Монгол Улсад айлчлах явцдаа сүсэгтэн олонд зориулан үнэ төлбөргүй ном айлдах юм.

7 дугаар сарын 20-нд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд морилно, 23-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд “Мөрийн гурван эрхэм” ном айлдах бол 31-нд “Корпорейт конвэйншн” төвийн концертын танхимд Аюуш бурханы Насны авшиг хайрлана. Мөн ирэх сарын 03-нд Гандантэгчинлэн хийдэд номын айлдвартай аж.  
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ