БНСУ-ын эмч нар үнэгүй үзлэг, оношилгоо хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-18 18:35:06
Архангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэг, “Архангайн хөгжлийн төлөө” ТББ-аас хамтран Архангай аймгийн төв болон Эрдэнэмандал суманд Солонгосын эмч, тусгай мэргэжилтнүүдийн 100 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмийн үйлчилгээг 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ныг дуустал үзүүлэхээр болжээ.
Солонгос эмч нар аймгийн ард иргэдэд шүд, эмэгтэйчүүд, үе мөч, хүүхэд, дотор, мэдрэл зэрэг чиглэлүүдээр үйлчилгээ үзүүлнэ. Цаашид БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэгээр дамжуулан зайлшгүй хагалгаа эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр Солонгост эмчлэх, том хүнийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр оношлох зэрэг үйлчилгээг үзүүлж болох юм байна. Мөн Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч нарыг туршлага судлуулж, сургалтанд хамруулах, сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бэлэн байгаагаа БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэгийн тэргүүн Ку Бёон Сок хэлжээ.
БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгмэлэг, “Архангайн хөгжлийн төлөө” ТББ, МУЗН зэрэг 5 байгууллагын хамтран ажиллах гэрээнд МУ-д 20 жилийн өмнөөс хүмүүнлэгийн шугамаар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийсээр иржээ. Энэ жилийн тухайд БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгэмлэгийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Архангай, Дорнод аймгуудад энэхүү хүмүүнлэгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ