Ираны цөмийн гэрээний биелэлтэд А.Гутерреш сэтгэл хангалуун байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-16 16:42:33
НҮБ./TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг мөрдөн хэрэгжүүлж буй үйл явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу цаашид уг гэрээ хэлэлцээрийг бүгдэд ашигтай болгохын тулд илүү сайн ажиллахыг гэрээнд оролцогч талуудад уриаллаа.

Ирантай байгуулсан цөмийн гэрээг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө /ҮАХЦТ/батлагдсанаас хойш хоёр жил болж байгаатай холбогдуулан НҮБ-ын тэргүүн энэхүү хэлэлцээрийг “цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх салбарт гарсан чухал ололт” гэж тодорхойлжээ.

“Энэхүү хэлэлцээр нь хамгийн хэцүү хүнд асуудлыг яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаар шийдвэрлэж болдог гэсэн итгэл найдварыг хүн бүхэнд төрүүлж байгаа юм. ҮАХЦТ бол Ираны цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зорилготой болгоход чиглэсэн хамгийн сайн арга төдийгүй Ираны ард түмний агуу их зорилгыг биелүүлэх баталгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэн хэллээ. Иран улс цөмийн хөтөлбөртэй холбоотой үүргээ биелүүлсэнд Гуттериш талархаад, үүнийг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн илтгэл нотолж байгааг дурджээ. Мөн уг төлөвлөгөөг бүрэн бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэхэд ОХУ, Их Британи, Хятад, АНУ, Франц, Герман улсууд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ