Сребреницад болсон явдал нь геноцид мөн гэж хүлээн зөвшөөрөхийг А.Гутерриш уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 11:02:38
НҮБ./TASS/. Сребреницад болсон эмгэнэлт үйл явдлаас хойш 22 жил өнгөрч байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэхдээ “ирээдүйд ийм гэмт хэргийг гаргуулахгүй байх, энэ нь хүмүүсийг үй олноор нь хоморголон устгасан явдал /геноцид/ мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх”-ийг уриаллаа.

НҮБ-ын тэргүүн даваа гарагт бичгээр хийсэн мэдэгдэлдээ “Боснид үйлдсэн аллага бол НҮБ байгуулагдсанаас хойших хугацаанд Европын газар нутагт гарсан хамгийн харгис хэрцгий гэмт хэрэг” гэж тодорхойлсон байна.

“Ийм харгис хэрцгий явдлыг цаашид гаргуулахгүй байх үүднээс бид өнгөрснийг бодитойгоор дүгнэж, ийм гэмт хэрэг үйлдэгдсэнд бид тодорхой хэмжээгээр буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж А.Гутерреш хэлээд “Сребреницад болсон эмгэнэлт явдлын төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгээ НҮБ хүлээн зөвшөөрч, гаргасан алдаанаасаа сургамж авах үүднээс хичээнгүйлэн ажилласан” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Болсон явдлыг дурдахад, 1995 оны 7 дугаар сард НҮБ-ын зүгээс “аюулгүйн бүс” гэж зарласан лалын шашинтнууд амьдардаг газарт Боснийн сербүүд дайран орж, 13-77 насны лалын шашинтан 8000 эрэгтэйчүүдийг хүйс тэмтрэн устгасан байна. Энэ үед тухайн газарт байрлаж байсан Холландын энхийг сахиулагчид энэ аймшигт хэргийг зогсоож чадаагүй юм. 2007 онд НҮБ-ын Олон улсын шүүхээс энэ хэргийг “хүмүүсийг үй олноор нь хоморголон устгасан явдал мөн” гэж тодорхойлжээ. Харин Сербийн тал үүнийг үгүйсгэн няцааж “энэ бол хэт давруу үзэлт лалын шашинтнуудын зүгээс сербчүүдийг хоморголон устгасны хариуд хийсэн алхам” гэсэн байна.
 
Б.Адъяахүү



 
 
.




Холбоотой мэдээ