Төр захиргааны ахмад ажилтан Ж.Санжжавыг “Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-10 18:47:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын энэ өдөр Сэлэнгэ аймгийн Хүндэт иргэн нэгээр нэмэгдлээ.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаар тогтоолоор төр захиргааны ахмад ажилтан Ж.Санжжавыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” цолоор өргөмжлөх шийдвэрийг гаргасан байна.
Тэрээр Сэлэнгэ аймгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшилд бие сэтгэл, мэдлэг чадвараа 40 шахам жил зориулсаны дотор аймгийн удирдлагын дээд түвшний хариуцлагатай албан тушаалд 21 жил ажиллажээ. Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсоны дотор нэг удаа Тэргүүлэгч, хоёр удаа Хурлын даргаар ажиллаж, энэ хугацаандаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэн төлөвшүүлж, аймгийн хэмжээнд мөрдөгдөх эрх зүйн олон журам, хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан батлуулсан байна. мөн аймгийн гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэн хөрш зэргэлдээ ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Эрээн хотуудтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн сурч эзэмшсэн мэргэжил, ёс зүй, хэл соёлын чадавхиараа чухал нөлөө бүхий үүрэг гүйцэтгэж олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж иржээ.
Жавзангийн Санжжав Сэлэнгэ аймгийн хөгжилд дорвитой хувь нэмрээ бодитойгоор оруулсны дотор аймгийн удирдлагын багт тэргүүлэх үүрэг хариуцлагыг хүлээн ажилласан он жилүүддээ аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх бодлогын оновчтой олон шийдвэрүүдийг санаачилж, хэрэгжүүлснээр Сэлэнгэ аймаг ажлаараа улсад 8 удаа тэргүүлж, Сүхбаатарын одонгоор шагнуулсан түүхэн бахархлыг бий болголцсон гавьяатан юм. Иймээс түүний энэхүү амжилтын аймаг үнэлж “Хүндэт иргэн” хэмээх эрхэм шагналаа хайрлалаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ