Дарханыхан наадмаа баярын жагсаалаар эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-10 16:17:47
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын нээлт Дархан хотын “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д өглөөний 10 цагт Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой Байдлын газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг цэрэгжсэн байгууллагуудын хүндэтгэлийн жагсаалаар эхлэв.

Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд болон, гадаадын зочид, Дархан хотоос төрсөн алдартнууд хүндэтгэлийн индэрт морилж наадамчин олон төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал дүүрэн тухлан сууж “Залуучууд театр”-ын уран бүтээлчдийн бэлтгэсэн үндэсний болон язгуур урлагийн түүвэрчилсэн тоглолтыг үзэж сонирхлоо.
Аймгийн Засаг дарга С.Насанбат баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ:-“Үндэсний их баяр наадам нь манай ард түмний их түүх, ёс заншил, өвөрмөц уламжлал соёлын тод илэрхийлэл, төр улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дээдэлсэн ард түмний маань баяр бахархал, өргөн их цэнгэл билээ. Монголоороо гоёсон энэ наадам ариун ёс журамтай, өргөн олноороо бахдан шагших бахархалтай, шинэ амжилт, гэгээн дурсамж дүүрэн байна гэдэгт итгэж байна. Монгол хүн байгаа орон зай бүхэнд Монгол наадмын урь дэлгэрч,Монголоороо, түүх соёлоороо, ёс заншлаараа бахархах бахархал дүүрэн Монгол наадам Дархан-Уул аймагт маань эхэлж байна. Монгол түмний их цагаан сүлд хийморийн даллагатай, их баяр наадмын хоймроос азай буурал ахмадууд, цог золбоот залуус, балчир үрс, нийт Дарханчуудынхаа амар амгаланг дахин айлтгаж, хотол олноороо өргөн дэлгэр,шударга сайхан наадахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Ид хавтай бөхчүүд нь эр бяртай, уясан хүлэг морьд нь хурд шандастай, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэний сорилготой байж Монгол наадамд оролцогч нийт ард иргэддээ өндөр амжилт, өргөн баяр цэнгэлийг хүсэн ерөөе. Наадамчин олон та бүхэн минь зон олноороо сайхан наадаарай” гэв.  
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ