Бяцхан үрсийг хүн байх ухаанд сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:42:29

2015-2016 оны хичээлийн шинэ жилд цэцэрлэгт 218 мянган хүүхэд хүмүүжинэ. Цэцэрлэгийг төлөөлөн Сонгино хайрхан дүүрэг дэх 118 дугаар цэцэрлэгийн эрдмийн баярыг сурвалжилсан юм. Энэ хичээлийн жилд шинээр 60 гаруй хүүхэд 118 дугаар цэцэрлэгийн босгыг алхан орж байна.

Тус цэцэрлэгт 12 бүлгийн  500 гаруй хүүхэд хүмүүжих бөгөөд 16 багш ажиллах аж. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгүүд өөр, өөрийн онцлогоор хичээллэнэ. 118 дугаар цэцэрлэгийн хувьд хүүхдүүдийг орчинтой нь танилцуулах, хүн байх ухаанд сургах, замын хөдөлгөөний дүрмээс сургалтын хөтөлбөртөө тусгаж буйгаараа онцлогтой.

118 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Ариунаа “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд бэлтгэл ажлыг хангах үүднээс багш нарынхаа мэдлэгийг зузаатгахад анхаарч үе шаттай сургалт зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд “Зөв-Монгол” иргэнийг төлөвшүүлэх, өөртөө итгэлтэй, бүтээх чадвартай иргэн болгон хөгжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн хүүхдүүдийг замын тэмдэглэгээнээс эхлээд гадаад орчинтой танилцуулахаар сургалтын хөтөлбөртөө тусгасан. Энэ сард зэргэлдээ орших Усан спортын төв, ЕБС-иудтай танилцуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар  12 бүлгийн  ариун цэврийн өрөө, бохирын шугамыг шинэчиллээ. Энэ хүрээнд эрүүл ахуйн шаардлага хангах зорилгоор багш ажилчдыг  тусгай шүршүүрийн өрөөтэй болгосон. Маргааш энэ ажлаа нийслэлд хүлээлгэн өгнө. Мөн энэ жил эцэг, эхчүүд болон дотоодын нөөц бололцоог ашиглан цэцэрлэгийн хашаагаа өндөрсгөж шинэчилсэн” гэв.

Тус цэцэрлэгийн хувьд 4 хорооноос хүүхэд авч буй бөгөөд энэ жил хүүхэд хамралт 70 гаруй хувьтай байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд