Х.Баттулга: Ерөнхийлөгчөөр сонгогдвол оффшор дахь улстөрчдийн мөнгийг эх орондоо оруулж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-07 13:56:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр 13:30 минутад Сансарын 48 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
 
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтын үйл ажиллагаа эхлээд явж байна. Энэ удаагийн санал хураалтын ирцийг Сонгуулийн Ерөнхий хороо 12 цагийн байдлаар мэдээллээ. Ирц 20 орчим хувьтай байна. Иймд иргэд сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож, ирцийг 50-иас дээш хувьд хүргэж өгөөрэй хэмээн уриалж байна.
 
Сүүлийн 7 хоногт олны хүч оломгүй далай гэдгийг нотоллоо. УИХ, Засгийн газраас иргэндээ ээлтэй олон шийдвэрийг гаргуулж чадлаа. Жишээ нь, хүүхдийн мөнгө, тэтгэврийн насыг наашлуулсан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гээд олон шийдвэрийг нэрлэж болно. Засгийн газрыг шахаж чадвал ард түмэндээ зориулсан ийм олон эерэг шийдвэр гаргаж болдог юм байна гэдгийг онцлон тэмдэглэмээр байна” гэв. Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авсан юм.
 
-Хүүхдийн мөнгийг МАН өчигдрөөс олгоод эхэлсэн. Энэ тухайд?

-Хүүхдийн мөнгийг МАН олгосон юм биш. Энэ мөнгийг нэр дэвшигч миний бие, АН-тай, олон түмэнтэйгээ нийлж шахсаны үр дүнд олгож байгаа юм. Ер нь бол Засгийн газарт ташуур хэрэгтэй гэдгийг үүгээр нотоллоо. Хүүхдийн мөнгийг 17 цаг хүртэл банкууд олгох юм байна. Иймд банкуудаас хүүхдийн мөнгөө аваарай гэж хүсье.

-Ерөнхийлөгчөөр сонгогдвол юунаас ажлаа эхлэх вэ?
 
-Ерөнхийлөгчөөс сонгогдвол 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлын эзнийг олж тогтооно. Хоёрдугаарт оффшорт байгаа улстөрчдийн мөнгийг эх орондоо оруулж ирэхээр ажиллана.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Холбоотой мэдээ