Румыны цэнгээний газрын эздийг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-03 11:11:04

БУХАРЕСТ. /Sputnik/.  Гал гарч, олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн, Румыны нийслэл Бухарестийн шөнийн цэнгээний газрын гурван эзэмшигчийг баривчлав.

Хотын төвд байрлалтай "Колектив" шөнийн цэнгээний газарт гал гарснаар 31 хүн амиа алдаж, 200 гаруй хүн түлэгдэж гэмтсэний учир 28-36 насны гурван эзэмшигчийг байцааж эхэллээ.   

Түлэгдсэн 90 хүний биеийн байдал хүнд байна.

Уг газарт тоглож байсан хамтлагийн галын үзүүлбэрээс улбаалан гал гарсан байна. Гал гарахад эмх замбараагүй байдал үүсч, аврах гарц хангалттай байгаагүй нь амиа алдагчдын тоо өсөхөд нөлөөлжээ.

Уг цэнгээний газрын эзэмшигчдэд тоглолт зохиох, галт үзүүлбэр үзүүлэх зөвшөөрөл байгаагүй гэж Румыны Эрүүл мэндийн яамны сайд Раид Арафат мэдэгдэв. Мөн барилгад дуу чимээ тусгаарлах шатамхай материал ашигласан байх магадлалтай байна.

Баривчлагдсан гурван сэжигтний нэгийнх нь эзэмшдэг шөнийн цэнгээний өөр газруудын хоёр нь шатсан  тухай Францын “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна.

Даваа гарагт "Колектив"-ийн гадаа хэдэн зуун хүн цуглаж, гашуудлаа илэрхийлэн лаа, цэцэг өргөжээ. “Хүүхдээ шөнийн цэнгээний газар луу орой үдэш явахыг зөвшөөрч, дараа нь цогцос хадгалах газраас хайна гэдэг аймшигтай хэрэг” гэж Румыны Ерөнхий сайд Виктор Понта хэлсэн байна.  Эмчлүүлж буй хохирогчдын эмнэлгийн зардлыг тус улсын Засгийн газраас гаргах юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ