"Даян дээрхийн цом"-д Бүрэнтогтох сумын харваачид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-07-05 13:50:17
Хөвсгөл/МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голын хөвөөнд Даян дээрхийн цом үндэсний шагайн харвааны тойром наадмыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх Мон 9183 төслийн санаачлагаар анх удаа зохион байгуулагдаж Бүрэнтогтох сумын харваачид тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.
Наадам нь уламжлал болгон зохион байгуулагдаж Цагаан-Үүр сум болон Уялган голын иргэдийн аж, амьдралыг дээшлүүлэх, гадна дотны жуулчид сонирхдог эвент арга хэмжээ болгох зорилготой гэнэ. Энэ удаагийн тэмцээнд Рашаант, Бүрэнтогтох, Мөрөн, Цагаан-Үүр, Шинэ-Идэр сумын 6 багийн 60 гаруй харваачид багийн болон цуваа харваагаар оролцож цэц мэргэнээ сорьлоо. Тэмцээний тэргүүн байрт Бүрэнтогтох сумын баг, дэд байрт Шинэ-Идэр сумын баг, гуравт Мөрөн сумын баг шалгарсан бол ганцаарчилсан төрөлд Бүрэнтогтох сумын харваач Г.Баасансүрэн тэргүүллээ. Шагайн тойром наадам бусад аймгуудад уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд харин Хөвсгөл аймагт анх удаа, мөн 3 сая 700 мянган төгрөг буюу өндөр шагналын сантайгаараа онцлог ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ