Боом өвчний хорио цээрийн дэглэмийг цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-29 17:27:02
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Цуурайн ам гэх газар зусч байсан малчин Н.Б-ын хоёр үхэр энэ сарын 10-нд үхэж, дээж аван шинжлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон. Боом өвчний голомтод зургаадугаар сарын 10-нд хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэмийг долоодугаар сарын 4-нд цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжихээр болжээ.
Үүнээс хойш боом өвчний вакцин хийхээс өмнө 41, вакцинжуулалт хийснээс хойш 48, эмчилгээ хийлгэж байснаас 6 гээд нийт 95 үхэр үхжээ. Өвчний голомтод байгаа 28 өрхийн 2839 үхэр, 890 бог нийт 3828 малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн голомтод байгаа 28 өрхийн өвөлжөө, хаваржааны хашаа хороо, өтөг бууц, устгалын цэг гээд нийт 11210 м2 талбай, холбогдох техник хэрэгсэлд зааврын дагуу ариутгал халдваргүйжуулалтыг хийсэн байна. Боом өвчний голомтод зургаадугаар сарын 10-нд хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэмийг долоодугаар сарын 4-нд цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжихээр болжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ