Архангай аймагт хүчтэй салхины улмаас 10-аад гэр унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-29 17:05:35
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэмандал суманд энэ сарын 28-нд 17:00-18:00 цагийн орчимд хүчтэй салхи, шуурга гарч аадар бороо орсон. Үүний улмаас дээрх сумдад айлын гэр нурж унажээ.
Аймгийн ОБГ-аас мэдээлж байгаагаар Жаргалант суманд өчигдөр үер бууж, Цэцэрлэг суманд хүчтэй салхины улмаас зургаан айлын гэр, Эрдэнэмандал суманд гурван айлын гэр, нийт 9 гэр унасан байна. Үүнтэй холбоотойгоор дээрх сумдын онцгой комисс болон ЗДТГ-ын хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар иргэдэд учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй бөгөөд ямар нэг ноцтой зүйл гараагүй гэдгийг дээрх сумдын онцгой комиссоос мэдээлжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ