Олон тооны хотон шувууны хошууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-28 23:02:27
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Хэсэг иргэд бүлэглэн үгсэж тохиролцон олон тооны хотон шувууны хошууг Цагааннуурын боомтоор хууль бусаар хил нэвтрүүлэн бусдад худалдаалахыг завдсан үйдлийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид илрүүлж, шалгаж эхэлжээ.

Энэ талаар тус газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээллээ.
Шалгалтын явцад уг хэргийг Увс аймгийн Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.

Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-д болон Олон Улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтанд бүртгэгдсэн байдаг юм. Манай улсад хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг уламжлалтай бөгөөд энэ нь хотон шувуу хорогдох болсон шалтгаануудын нэг гэж мэргэжлийн хүмүүс үздэг ажээ.

Дашрамд хэлэхэд, тотон шувууны хошууны үнэ хар зах зээл дээр 500.000-800.000 төгрөгийн үнэтэй байдаг байна.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ