Сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгууд унаатай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-28 12:17:12
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус аймгийн 13 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт туулах чадвар сайтай “YAMAHA” маркийн мотоцикл олгохоор болжээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор салбарын сайдын 2017 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас шаардагдах санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле батламжийг нь аймгийн ХХААГ-ын удирдлагуудад гардуулж өглөө. 

Мөн аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт авто машин худалдаж авахад зориулж 45,0 сая төгрөг, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид засвар хийхэд 41,3 сая төгрөг тус тус хуваарилжээ.

Одоо тус ажлуудын тендерийг зарлах ажлууд зохион байгуулагдаж байгаа талаар аймгийн Мал эмнэлгийн албанаас мэдээллээ.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ