Сэлэнгэд асч буй гурван түймрийг унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-28 10:46:09
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутаг дэвсгэрт гурван түймэр асч байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 120 км-т орших Түнхэл багийн “Чин чулуут” гэдэг газарт энэ сарын 25-ны өдрийн 11.00 цагт ойн түймэр гарсан тухай дуудлагыг тус суман дахь Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ. Уг түймрийг унтраахаар 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа ажээ. Ерөө сумын Бугант тосгоны “Жанчваа уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг түймрийн голомтод нисдэг тэргээр хүргэн ажиллаж байгаа мэдээллийг аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ