Гэр бүлийн боловсрол хангалтгүй байгаа нь хүүхдийн хүмүүжлийг улам доройтуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:29:06

“Иргэдийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарья” сэдвээр нээлттэй хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт яригдсан мэдээллээр эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд маргалдах, зодоон ноцоон хийх, согтууруулах ундааг зүй бусаар хэрэглэх, хүүхдээ айлган сүрдүүлэх, зодох, бусдын дэргэд хүүхдээ доромжлох загнах, үл тоох, үл хайхрах зэрэг гэр бүлийн боловсролын түвшингийн хэт доройтол нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд арилашгүй хар толбо үлдээж буйг онцолсон юм. Нөгөөтэйгүүр гэр бүлийн салалт зэрэг тогтворгүй байдал нь гэр бүлийн үнэ цэнийг огт үгүй болгож, энэ нь өнөөгийн нийгэмд тулгамсан асуудал болж ирж байна. Тэгвэл ажилгүйдэл, ядуурал их байгаа нь гэр бүлийн байдлыг тогтворгүй болгоход нөлөөлж байгаа гол хүчин зүйл гэж хэлэлцүүлэгт оролцож байгаа эцэг эхчүүд хэллээ. 
Асуудлыг шийдэх гарц нь хүүхэддээ цаг зав гаргах, ойр дотно харилцаатай байх юм гэж хэлэлцүүлгийн оролцогчид дүгнэж байна. Хэлэлцүүлгээс гарсан санал санаачилга, судалгааны үр дүн хоёрт үндэслэн ирэх оны иргэдийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ гэлээ. Улс орны хөгжил тогтвортой гэр бүлийн харилцаа, гэр бүлийн боловсрол хэр өндөртэй байгаагаас шалтгаалан урагшилдаг. Тэгвэл манай улсад гэрлэсэн 200 гэр бүл тутмын 60 нь салсан харамсалтай үзүүлэлт судалгаанд дурдагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Даланзадгад сумын 5 сургууль, 8 цэцэрлэгийн 120 шахам эцэг эх ирж оролцлоо. 

Өмнөговь аймаг С.Сумьяа  

 

Холбоотой мэдээ