Хорин ажлын байранд 124 хүн өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-06-21 14:27:55
Увс /МОНЦАМЭ/ Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг өчигдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд авлаа. Дэс болон туслах түшмэлийн 20 ажлын байрны сул орон тоонд нийтдээ 124 хүн өрсөлдсөн юм.
Тодруулбал аймгийн МХГ-т Мал эмнэлгийн хяналт хариуцсан улсын байцаагч, Авто тээвэр, өргөх, механизмын хяналт хариуцсан улсын байцаагч, Авто замын хяналтын асуудал хариуцсан улсын байцаагч, ЭМНДХ-т Магадлагч эмч, тэтгэмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, БСУГ-т Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн зэрэг 20 ажлын байр зарлагджээ.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орсон шалгуулагчдын 50 хүрэхгүй хувь нь шалгалтандаа тэнцдэг байна. Энэ нь шалгуулагчид шалгалтын бэлтгэлээ хангаагүй, хайнга ханддагтай холбоотой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байв. Тухайлбал, өмнөх шалгалтад 250 хүн орсны 104 нь шалгалтандаа тэнцэж, 14 хүн ажилд оржээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ